Дэлхийн хэмжээнд Монгол Улс Хятадын дараа, хоёрдугаарт эрэмбэлэгдэх хэмжээний ноолуурыг бэлтгэдэг. БНХАУ-д нийт ноолуур үйлдвэрлэлийн 70, Монголд 28 орчим, үлдэх хувийг Афганистан, Иран зэрэг цөөн оронд бэлтгэдэг аж. Өндөр үнэд хүрдэг, түүхий эдийн арвин нөөцтэй монголчууд ноолуураа дэлхийн зах зээлд “од” болгох боломж бий. Монгол ноолуурыг чанартай, Хятадынхтай харьцуулахад хольцгүй цэвэр гэдгийг олон улсад хүлээн зөвшөөрөөд буй.
Өнгөрсөн онд манай улс нийт 200 орчим тэрбум төгрөгийн ноолууран бүтээгдэх үүн үйлдвэрлэсний 70- 80 хувийг нь экспортолжээ. Үүнээс ноолуурыг экспортын баримжаатай, малын гаралтай түүхий эдүүдээс хамгийн ихээр экспортлох боломжтой бүтээгдэхүүн гэж дүгнэж болно. Харин зөвхөн түүхийгээр гаргахдаа бус гаднынхны эрж хайдаг эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь бидний стратегийн зорилт байх учиртай. Монголд ноолуурын салбарт үйл ажиллагаа явуулдаг 68 үйлдвэр бий ч “зөөлөн алт”-ныхаа ердөө 30 гаруй хувийг боловсруулж, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Гэхдээ уг салбарын бизнес эрхлэгчдийг дэмжих үүднээс Засгийн газраас бонд гаргаснаар ойрын хугацаанд дээрх тоо 50 хувьд хүрэх боломжтой гэсэн сайхан мэдээ бий.
Нэхмэлийн салбарын эдийн засагт оруулах үр нөлөө нь уул уурхайн дараа орж буйг ХХААХҮЯ-ны Хөнг өн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн Б.Батцэцэг онцолсон. Монгол ноолуурыг дэлхийн брэнд болгохын тулд холбогдох яам, холбоод ажиллаж байгаа бөгөөд дотоодын томоохон үйлдвэрүүдийн техник технологи дэлхийн түвшинд хүрсэн гэж байна. Бас төрийн дэмжлэгтэйгээр үйлдвэрүүдэд үүсээд байсан санхүүжилтийн асуудал бараг арилсан гэж хэлж болох аж. Ноолууран бүтээгдэхүүний чанарт анхаарч, дэлхийн зах зээлд ”Mongolian cashmere” гэх тодотголтой брэндийг гаргах зорилгоор ХХААХҮЯны дэргэд тус яам болон ТББууд, Ноос ноолуурын холбоо, томоохон үйлдвэрүүдийн төлөөлөл багтсан Ажлын хэсгийг байгуулсан юм билээ. Тэдний гол зорилго нь монгол ноолуурын чанарыг олон улсад таниулах бөгөөд чанарын худалдааны брэнд тэмдэг, логог гаргахаар төлөвлөжээ.
Манай гол өрсөлдөгч Хятадын ноолуурын дийлэнхийг Өвөрмонголд бэлтгэдэг бөгөөд дэлхийн зах зээлд “Inner Mongolia” гэдэг үгээр ноолуураа ихээр сурталчилдаг. Харин түүнээс нь ялгарах, Монголын ноолуур гэдгийг онцлох, чанарын лого зүүсэн бүтээгдэхүүнээ олон улсад сурталчлахаар тус салбарынхан төлөвлөөд буй. Дээрх логог үйлдвэрлэгчид өөрсдийн шошго дээр давхар зүүснээр нэг ёсондоо дэлхийн стандартыг хангасан гэдгээ нотолж буй хэрэг аж. Үүнээс урьтаж “баталгааны” логог зүүсэн бүтээгдэхүүнд “онош тавих” лаборатори хэрэгтэй. Монголд лабораториуд бий ч олон улсад хүлээн зөвш өөрөгдөх хэмжээнд биш. Иймээс Хятадын “Интертек” шиг лабораторитай болох шаардлагатайг харгалзан 2010 онд ХХААХҮЯ Олон улсын ноосон нэхмэлийн байгууллага (IWTO)-д гишүүнээр элсчээ.
Дээр дурдсан Ажлын хэсгийнхэн тус байгууллагын лицензтэй лабораторийг Монголдоо байгуулахаар эксперт авчран ноос, ноолуурын шинжилгээ хийдэг Нэхмэлийн хүрээлэнгийн лабораторид үнэлгээ хийлгэж, 2-3 тоног төхөөрөмж худалдан авахаар төлөвлөжээ. Ойрын хоёр жилд багтаан олон улсын жишигт нийцсэн лабораторитай болчихвол үндэсний үйлдвэрлэгчид байсхийгээд л гадагшаа “шинжилгээ” өгөхөөр явахаа болих юм. Хэчнээн гоё загвар, 100 хувийн ноолуур гэж магтаад ч худалдан авагчдад эргэлзээ төрдөг. Харин дээрх чанарын логог зүүчихвэл манай ноолууран бүтээгдэхүүнийг гаднын орнуудын дэлгүүрийн эзэд эргэлзэлг үйгээр борлуулахыг зөвшөөрөх давуу тал бий болох юм. Бас тус салбарт ажиллагсдын тоо одоо 8000 байгаа бол 20-25 мянгад хүрэх тооцоо ч бий. Дээрх ажил хэрэгжсэн үед бид “Coca cola” шиг брэндтэй болж болох бололтой. Гэхдээ бас нэг анхаарах асуудал бий нь ажиллах хүчин.

Тодруулбал, “Говь” компани өмнөх онд 300 гаруй нээлттэй ажлыг байрыг зарлахад цөөн хүн ирсэн байх жишээтэй. Тийм ч болохоор Ноос, ноолуурын холбоод дэргэдээ практикт чиглэсэн сургалтын тогтолцоог бий болгох саналаа НХХЯ-д хүрг үүлээд байгаа бөгөөд энэ салбарт ажиллах боломж бий гэдгийг залууст таниулахыг чухалчилж байгаа юм билээ. Үүнээс гадна ноолуурын салбарт хийх чухал ажил бол сүргийн бүтцэд анхаарах явдал. Өнгөрсөн жилд нэг кг ноолуур 76-77 мянган төгрөг хүрч байв. Түүхий эдийн үнэ өсөх болсныг дагаад малчид ямааныхаа тоо толгойг нэмэгдүүлэх болсноор сүргийн бүтэц алдагдах болоод буй. Иймээс сайн үүлдрийн цөөн ямааг үржүүлэх шаардлага бидэнд бий. Дэлхийн ноолуурын гол экспортлогч нь Хятад. Тус улсын хүн амын тоо өсөж, амьжиргаа нь сайжрахын хэрээр дотоод дахь ноолууран бүтээгдэхүүн худалдан авах чадвар нь нэмэгджээ.
Ийнхүү дотоод руугаа чиглэсэн зах зээл нь өссөн учраас экспортоо багасгаж, илүү зардал гаргахгүйгээр аль болох дотооддоо борлуулахыг эрмэлзэх болсон байна. Нөгөөтэйгүүр, одоогоор Монгол Улс ноолууран бүтээгдэхүүнээ Япон, Итали, АНУ, Европын холбооны цөөнгүй оронд гаргаж байна. Дэлхийн ноолуур үйлдвэрлэгчдийн институтийн цахим хуудсанд ноолуурыг дулаан сайн хадгалдаг, тансаг зэрэглэлийн, үрчийдэггүй, зөөлөн, удаан хугацаагаар эдлэх боломжтой гээд л давуу талыг нь онцолжээ. Мэдээлэл хөгжсөн энэ үед гаднынхан энэ мэт мэдээллийг үзээд ноолуурыг шохоорхож л таарна. Тэгэхээр дэлхийн зах зээлд бүтээгдэхүүнээ борлуулах сул орон зай бидэнд хангалттай байгааг анхааралдаа авах хэрэгтэй юм.
Ц.БОЛОРМАА

Уншигчдын сэтгэгдэл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
АНХААР: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mongolnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.