Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй “Шарын гол” компанийн эзэмшдэг эрчим хүчний зориулалттай нүүрсний ордын нөөцийг стандартын дагуу ангилж, 146.3 сая тонноор батлан Ашигт малтмалын санд бүртгэжээ. Энэ нь 2010 онд явуулсан өрмийн ажилд тулгуурласан тоо бөгөөд өмнөх нөөцөө даруй хоёр дахин нэмэгдүүлсэн үзүүлэлт аж. Өөрөөр хэлбэл, JORC стан дартын дагуух баттай болон бодит нөөц нь 374.0 сая тонн сайн чанарын эрчим хүчний нүүрс хэмээн тогтоогдсон байна. Мөн “Шарын гол” ХК-ийн ТУЗ-ийн гишүүнээр Их Британи улсын иргэн Грам Чапманыг сонгожээ.
Тэрбээр нүүрсний үйлдвэрлэл болон бизнес хөгжлийн салбарт 30 гаруй жил ажилласан арвин туршлагатай төдийгүй өмнө нь “BHР Billiton” компанийн Стратеги хариуцсан дэд ерөнхийлөгч, манайд нүүрсний төсөл хэрэгжүүлж буй Канадын “Hulaan coal” корпорацийн гүйцэтгэх захирлын албыг хашиж байжээ. Тус компанийн ТУЗ-ийн дарга Б.Батмөнх “Шинээр батлагдсан нөөцийн хэмжээ нь Шарын голын уурхайн цаашдын хөгжилд томоохон ач холбогдолтой байх болно. Энэхүү өөрчлөлтийн хариуцлагатай үед манай компанийн ТУЗ-д мэргэшсэн, туршлагатай, чадварлаг боловсон хүчин сонгогдсонд бид баярлаж байна” гэж ярив.
Г.САЙХАН

Уншигчдын сэтгэгдэл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
АНХААР: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mongolnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.