“РЕАЛ МАДРИД” ЭЗЭН ХААНЫ ЦОМООС ХАСАГДЛАА

2012-01-27 12:18:10

Барселона-Реал 2:2

Гоол: Педро 43, Алвес 45+3 - Криштиану Роналду 68, Бензема 71 Барселона: Пинто, Алвес, Пике, Пуйоль, Абидаль, Хави, Бускетс, Иньеста (Педро 29), Фабрегас (Алькантара 70), Месси, Санчес (Машерано 79)

Реал: Касильяс, Арбелоа, Пепе, Рамос, Коэнтрау, Диарра (Гранеро 52), Хаби Алонсо, Кака (Кальехон 61), Өзил, Криштиану Роналду, Игуаин (Бензема 61)

Шар хуудас: Месси 45 - Диарра 26, Рамос 33, Касильяс 45, Роналду 54, Коэнтрау 81, Гранеро 90, Пепе 90

Улаан хуудас: Рамос 88

Шүүгч: Тейшейра Витьенес

Барселона. "Камп Ноу"

Испанийн цомын шөвгийн наймд учраа таарсан эвлэршгүй хоёр өрсөлдөгч Мадридын “Реал”, Каталоны “Барселона” багуудын хариу тоглолт өчигдөр “Камп Ноу” цэнгэлдэхэд боллоо. Долоо хоногийн өмнө талбайдаа 1:2-оор дийлдсэн Эзэн хааны багийн хувьд хоёр бөмбөгний давуутай, эсвэл гурваас дээш гоол хийн хожиж байж дараагийн шатанд шалгарах байсан тул нээлттэй, довтолж тоглосон. Үүний үр дүн эхний минутад хаал гач, хамгаалагч хоёрын үл ойлголцлыг ашиглаж Гонзало Игуаин Пинтогийн эсрэг ганцаараа гарсан ч амжилтад хүрсэнгүй. Хэдэн хормын дараа түүнд дахин сайхан боломж олдсон боловч ахиад л бүтэлгүйтэв. Дараа нь Роналду хэд хэдэн эвгүй цохилт гүйцэтгэж, Өзил 30 орчим метрээс хаалганы хөндлөвч онох... зэргээр “Цагаанууд” эхний хагаст бүрэн давамгайлсан юм. Гэвч “Чи хийхгүй бол би хийе” гэдэг хөлбөмбөгийн бичигдээгүй хууль үйлчилж, нэгдүгээр үе дуусахын өмнөхөн талбайн эзэд хоёр гоол угсруулан оруулав.

Эхлээд 2011 оны дэлхийн шилдэг хөлбөмбөгч Лионель Месси дөрвөн ч хамгаалагчийн дундаас бөмбөгийг алдалгүй тууж явсаар сэлгээгээр гарч ирсэн Педро Родригест оновчтой дамжуулалт өгснийг тэрбээр “чулуу” болгосон юм. Энэ гоолоос хоёр минутын дараа мөнөөх Мессиг Лассана Диарра торгуулийн талбайн ойрхон дүрэм зөрчин унагасныхаа төлөө өрсөлдөгч багтаа чөлөөт цохилтыг бэлэглэсэн. Цохилтыг Хави гүйцэтгэсэн ч хаалт оносон бөгөөд ойсон бөмбөгийг бразил хамгаалагч Дани Алвес пуужин мэт хүчтэй цохилтоор хаалганы зүүн дээд буланд зоох нь тэр. Энэ гоол тоглолтын хувь заяаг бараг тодорхой болгосон гэдэгтэй тэр үед олон хүн эвлэрсэн биз ээ. Гэвч Жозе Моуриньо болон түүний шавь нар амархан сэтгэлээр унаж, хялбархан бууж өгөх хүмүүс биш ажээ.

Португал мэргэжилтэн хоёрдугаар хагаст Игуаиныг Бен земагаар сэлгэж, Гранеро, Кальехон нарын хагас хамгаалагчдаар довтолгоондоо хүч нэмлээ. Үр дүн нь ч харьцангуй богино хугацаанд гарч, 68 дахь минутад Өзилийн дамжуулалтаар Роналду тооны харьцааг 1:2 болголоо. “Барса”- гийн эсрэг тоглохоороо хөдөлж ч чадахаа больчихдог хэмээн шүүмжлүүлдэг Криштиану ийнхүү сүүлийн хоёр классикод дараалан гоолдоод байгаа нь энэ. Улмаар Карим Бензема ямархуу өндөр ур чадвартай тоглогч болохоо нотолсон тэнцээний бөмбөгийг оруулсан. Үүний гол буруутан нь эзэнгүй дамжуулалт хаясан төвийн хамгаалагч Херар Пике байлаа.

Ер нь энэ тоглолтод Шакирагийн найз залуу тун хангалтг үй тоглолт үзүүлсэн юм. Ахин нэг бөмбөг алдахад л цомын тэмцээнээс хасагдах аюул ирснийг ойлгосон Пеп Гвардьола хамгаалах чиглэлийн хагасууд болох Алькантара, Машерано нарыг гаргаснаар каталончууд өөрт ашигтай 2:2 дүнг хадгалж дөнгөв. “Барса”-гийн тэргүүн шугамын гол тоглогчид болох Иньеста, Санчес нар гэмтсэн нь тэдний хувьд хамгийн том гарз байлаа.

Испанийн цомын- шигшээ

Эспаньол-Мирандис 3:2, 1:2

Атлетик Бильбао-Мальорка 2:0, 1:0

Реал Мадрид – Барселона 1:2, 2:2

Валенси - Леванте 4:1

Месси ба түүний нөхөд цомын тэмцээний хагас шигшээд “ Валенси”-“ Леванте”-гийн хожсонтой тоглох бол, Марсело Бьелсагийн удирдаж буй “Атлетик” доод лигийн “Мирандис”-тай тоглоно. Copa Del Rey-гийн их шөвгийн тоглолтууд хоёрдугаар сарын 1-2, 8-9-нд болно.

Р.МАНЛАЙ


Таньд манай сайт таалагдаж байвал like хийнэ үү. Баярлалаа
facebook 2012 оны 02 сарын 04 21:31 Хариулах
https://www.facebook.com/groups/realmadrid.mongolia/

СЭТГЭГДЭЛ БИЧИХ


АНХААР: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mongolnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.



Таны нэр: