ШУТИС-ийн 6000-аад оюутан “Хүний хөгжил” сангаас сургалтын төлбөрт нь зориулан олгож байгаа 500 мянган төгрөгөө өнгөрсөн онд аваагүй гэнэ. Тиймээс тэдний эцэг, эх дээрх мөнгийг өнөө жил нөхөн олгуулахаар хөөцөлдөж байгаа аж. Тэд өчигдөр 250 гаруй оюутны гарын үсэг бүхий хүсэлтээ эхний ээлжинд МОХ-нд хүргүүлж, дэмжин ажиллахыг уриалав. Түүнчлэн ирэх даваа гаригт хэвлэл мэдээллийн байгууллагуудад хандаж, дуу хоолойгоо хүргэх бөгөөд дараа нь оюутнуудыг хамруулсан хөдөлгөөн өрнүүлэх гэнэ.
Эцэг, эхчүүдийн нэг болох Б.Батсайхан “Эдгээр оюутнуудын дийлэнх нь хоёрдугаар ээлжийн томилолттой. Анхнаасаа тэдэнд “Хүний хөгжлийн мөнгийг авахад хоёрдугаар ээлж гэх ялгаа байхгүй” гэж томилолт авахуулчихаад одоо ингэж эрхийг нь хааж болохгүй. Бид ч гэсэн хүүхдээ оройн ангид оруулна гэж төлбөр төлөөгүй шүү дээ. Нэгэнт Төрийн сангийн дансанд орчихсон мөнгийг нөхөөд олгоход болохгүй гэх газаргүй. Ингэхэд өдөр, оройн анги гэдгээ хэрхэн ангилж, 500 мянган төгрөг өгөх ёстой тухай хуулийг нь яам бус, Дээд шүүхээр тайлбарлуулмаар байна” гэлээ.
Харин энэ тухай Сургалтын төрийн сангийн гүйцэтгэх захирал Д.Нансалмаагаас тодруулахад “Өнгөрсөн онд зөвхөн өдрийн ангийн оюутнуудад “Хүний хөгжил” сангаас 500 мянган төгрөг сургалтын төлбөрт нь олгосон. Энэ хуулийн дагуу 2011 онд Хөдөлмөр, халамж үйлчилгээний газарт 140.033 оюутан мэдээллээ ирүүлснээс 133.674 нь мөнгөө авсан. Харин бичиг баримтын зөрчилтэй, хугацаанд нь бүрдүүлж өгөөгүй зэрэг шалтгаанаар 6359 оюутан 500 мянгаа авч чадаагүй. Энэ жилийн тухайд өдөр, оройн анги гэж хамаарахгүй олгож байгаа тул оюутнуудыг хугацаандаа амжиж бичиг баримтаа бүрдүүлж өгөхийг хүсэх байна. Хоцорсон тохиолдолд дараа жил нөхөн олгох боломжгүй. ШУТИС-ийн энэ оюутнуудын тухайд биднээс шалтгаалах зүйл байхгүй. Сургуулийнх нь зохион байгуулалттай л холбоотой байх” хэмээв.
Л.Ганчимэг

Уншигчдын сэтгэгдэл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
АНХААР: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mongolnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.