Хөдөө өссөн хүн бөөдийг андахгүй. Хонь хариулж явахад өдрийн хэд таарна. Өргөст бөмбөлөг болчихсон бөмбөрч өнгөрнө. Эсвэл алтан гагнуур аятай хөдөлж ядан алхална. Гүйж явах нь ч таарна. Гэхдээ гүйж шалихгүй л дээ, түрүүчийн алхаж ядсан зараанаас арай хурдтай хөдөлж харагддаг. Манай тэндхийн хүүхэд болгон гэрт орж ирсэн, хотонд явж таарсан зарааг хөмөрсөн тогоонд “нууж” үзсэн. Арай зоригтой нь зарааг барина. Даавуугаар жийрэглэж, галын хайч, аргалын савраар барьж ирнэ. Тогоогоо хагас хөмөрч байгаад яалт ч үгүй л дотор нь оруулаад тагладаг юм. Хэсэг хугацааны дараа үзэхэд шидийн юм шиг алга болчихсон байдаг сан. Алга болсон байхыг нь үзэх гэж олон ч бөөдийг зорьсон замаас нь “олзолсон” доо.
Тогоотой сүүний өрмийг цоолж уучихаад хаяагаар “зугтаж” явсан зарааг барьж, “хашраах”-аар төлөвлөж байсан биднийг эмээ харчихаад “Лусын амьтан оролдлоо, нүгэл” хэмээн зэмлээд, тавиулж байсансан. Үнэндээ бол лусын амьтан биш. Гэхдээ тэр усанд маш сайн сэлж, цаад эрэгт нь төвөггүй хүрдэг. Зарааны зулзагыг бөөдий гэнэ. Эцэг, эхийг нь зараа л гэх. Эм зараа зулзагалах дөхөхөөрөө ааш муутай болж, байсхийгээд л “бөмбөг” болно. Гэвч гэдэс нь тулаад өмнөх шигээ бөөрөнхий болж чадахгүй. Тавдугаар сарын эхээр хадны нөмөр, модны хонгил, голын шугуй гээд хүн, мал ороод байхааргүй нам гүм хэсэгт зассан үүрэндээ хулганы гөлчгий аятай 3-8 ширхэг бөөдий төрүүлнө.
Нүдээ нээгээгүй атлаа хоол эрэн шоволзох улаан нялзрай, царай муутай зулзаганууд эхээс төрсөн дарааллаараа мөөмөө олж хөхнө. Хамгийн түрүүнд төрсөн нь хамгийн эхний хөхийг, дүү нь дараагийнхийг гэх дарааллаар. Хүч тамир нь барагдсан эх нь бөөдийнүүдээ цавь, элгэндээ наалдуулан, бөөцийлнө. Эхээс төрөхдөө өргөс, үсгүй байдаг нь халуун сүү хөхөх зохиолдлого ажээ. Долоо хоногийн дараа нүдээ нээж, гурван долоо хоногтойдоо үс нь ургаж эхэлнэ. Нас бие гүйцэтлээ 2-3 см-ийн урттай, 6000 орчим өргөс түүний биед ургана. Өргөс нь гүйцэд ургаад ирэхийн алдад юм л бол “бөмбөг” болно. Зальт шар, махчин шувууд ч түүнийг дөнгөж чадахгүй.
Харин бөндгөр зараа жимс, навч, ургамлаас эхлээд мэлхий, шавьж, мэрэгч, хулгана, гөлчгий, ангаахай, гүрвэл гээд өөрөө дөнгөчих бүхнийг ходоод руугаа хийнэ. Гэхдээ тэр бүгдийг могойгоор солиход хэзээд бэлэн. Учир нь түүний хамгийн дуртай зууш нь могой. Могойг яг барьж идэж байхыг нь би үзээгүй. Гэхдээ зарааны тухай нэгэн өгүүлэлд “Зараа могойг ирж явахыг үнэрээр нь мэднэ. Өмнүүр нь явж өнгөрөхийг хэсэгхэн зуур тэсэж, хүлээгээд цаг нь ирэхээр шөрмөслөг савраараа толгойн хэсгээс нь базаж, ухаан баларттал нь чангалдаг. Тэгээд толгойноос нь эхлэн залгидаг” гэжээ. Түүнээс гадна хүчиллэг, чихэрлэг ногоонд нугасгүй аж.
Зараа аюул тохиох, дайсан ирэхийг үнэрээр нь мэдэж, бусаддаа дуу авиагаар сэрэмжл үүлэг хүргэдэг байна. Хотонд орж ирсэн зарааг барихаар ноход улайрна. Нэг бол өргөст “бөмбөг” болно. Эсвэл яг өмнөөс нь харж зогсоод нүд ирмэхийн зуурт биед нь байдаг гэхэд эргэлзмээр самбаа гарган нохойны ард гарчихсан байдаг. Энэ зуурт ноход “мангартаж” үлдэнэ. Зараа нохой, өмхий хүрэн, дорго, шар шувуунаас огтхон ч айхгүй, харин ч тулалдаж, хурц өргөсөөрөө тэднийг болгож тавина. Ийм болохоор зарааны арьс гуужиж, өргөсөө унагах үеийг заналт дайснууд нь андахг үй. Зараа ч тэдний отолтыг сайн мэддэг тул тэнэхээ түр завсарладаг Энэ үед түүний адтай сэргэлэн, зальтай чанар нь илэрдэг. Зараа тэртээ дээр нисэж яваа шар шувуу өөрийг нь шүүрнэ гэдгийг мэддэг тул түүний бараанаар модны хожуул, хадны буланд нуугдах нь энүүхэнд. Гэхдээ зүгээр нэг нуугдахгүй.
Өөртэйгээ төстэй чулуу ч юм уу, жимс, ногоо бөмбөрүүлнэ. Тэд шөнө илүү идэвхтэй амьдарч, ан хийдэг учир сайн хардаг. Харин бүх өнгийг ялгаж хардаггүй зөвхөн хар цагааныг л ялгаж харах чадвартай. Бас түүний богинохон жижиг хөл бас маш сайн хөгжсөн. Yдшийн бүрийгээр анд мордохдоо хөлийнхөө улаар зөөлөн зөөлөн гишгэж газар унасан навчисыг ч шаржигнуулахгүй явж чаддаг. Арьс нь хөрсжиж, харах, сонсох, үнэрлэх чадвар нь хөгжсөн бөөдийнүүд эхийнхээ ойролцоо эмх журамтай алхацгаана. Ах, дүү бөөдий, ээжийнхээ анхаарлаас хормын төдий гарахад л үнэг, хярс, мануул зэрэг махчны зууш болно. Ийм тул эх зараа цаг үргэлж сонор сэрэмжтэй, тулаанд үргэлж бэлэн явдаг. Зараа өргөсөө сайн цэвэрлэж чаддаггүй учраас янз бүрийн шимэгч хорхойн үүр болдог. Амнаас гардаг хөөсөрхөг шүлс нь шавьж цэвэрлэх, бие биеэ олох, хоорондоо харилцахад тус болно.
Шавьжийг устгахын тулд эдгээр хөөсөө биедээ тараадаг аж. Мөн орооны үед эмэгчин зараа төрөл бүрийн даавар ялгаруулдаг ба үүнийг нь эрэгчин зараа андахгүй танина. Намар болж, шувууд зэллэхтэй зэрэгцэн тэд ичээндээ бэлдэнэ. Үүцээ бэлдэх нь түүнд нэг их асуудал биш. Өнхөрч явахдаа өөрт хэрэгтэй жимс, навч, ургамал, шавьжийг өргөсөндөө өлгөн авч үүрэндээ хураана. Анхны цас орохоос хэд хоногийн өмнө үүрэндээ тухалж, гуравдугаар сарын эх хүртэл унтана. Хуурай навч, өвс ногоо, модны мөчрөөр битүү хучсан зарааны үүрийг өтгөн ой дундаас олоход бэрх. Тал нутагт зарааны үүр хаана байгааг хэн ч мэдэхгүй.
Сонирхуулахад, судлаачид одоо болтол тал газраас зарааны үүр олоогүй гэдэг. Зараа нь нуруу хүзүүгээрээ бүрхэгдсэн өргөснийхээ тусламжтайгаар ямар нэгэн зүйлийг хялбархан мэдэрч чаддаг. Түүнчлэн амьтан хатгасан өргөсөө хаяж, шинийг ургуулдаг. Мөн өвчилсөн өргөсөө тэр даруй гээнэ. Өргөсөө цэвэрлэж чаддаггүйг зарим төрлийн шавьж, хачиг далимдуулан өргөсөн дунд нь үүрээ засдаг гэх. Зараа шинэ үүрэндээ үнэрээ тарааж мөн долоож тэмдэг тавина. Тэгээд ч зогсохгүй нүхнийхээ ойр хавьд өргөсөө унагаж хавх үлдээнэ. Энэ нь махчин амьтдаас өөрийгөө хамгаалж байгаа хэрэг.
Б.Март

Уншигчдын сэтгэгдэл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
АНХААР: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mongolnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.