
Хүннү гүрний Шаньюй нарын зуны ордон байх магадлалтай балгас Булган аймгийн Сайхан сумын нутгаас олдсон тухай мэдээ сонсоод баярлах сэтгэл төрж явлаа. Учир нь Хүннү гүрний ноёрхол, Чингис хааны байлдан дагууллыг Монголтой булаацалддаг улс гүрэн цөөнгүй бий. Хэрвээ Түүхийн хүрээлэнгийн эрдэмтэд зуны ордны эл балгасыг Хүннү гүрний үеийнх гэдгийг баталж чадвал Монгол Хүннү гүрний үеийн төр нийгэм, соёлын томоохон төв байсныг маргах зүйлгүй батлах юм. Монголын анхны төрт улс болох Хүннүгийн эзэнт гүрэн байгуулагдсаны түүхт 2220 жилийн ойн хүрээнд БСШУЯ, Ойг тэмдэглэх үндэсний хорооны санхүүжилтээр ШУАийн Түүхийн хүрээлэнгийн эрдэмтэн, судлаачид Булган аймгийн Сайхан сумын нутаг Бүрдэний дов дэрсний балгасыг өнгөрсөн зургадугаар сард малтан судалж, зуны ордны балгас, хана хэрмийн суурийг илрүүлэн тогтоосон байна.
Биднийг тус газарт очиход түүх, соёлын олдворын тухай хуулийн дагуу балгасын туурийг булсан байв. Их талын дунд хэр баргийн хүн анзаарахааргүй дэрстэй, шороон хэрэм дөрөв байх бөгөөд тэдгээрийн дунд дөрвөлжин хэлбэрийн барилгын үлдэц, өмнө, баруун өмнө зүгт нь долоон жижиг барилгын туурийн балгасын үлдэц дэрсээр бүрхэгдэн байх аж. Хэрмийн төвд байрлах дөрвөлжин балгасын чанх урд зүгт хаалга байсан болов уу гэмээр дэрстэй довцог байгаа нь 353х397 метр хэмжээтэй шороон хэрмийг ордны хэв шинжтэй болохыг улам тодотгох шиг.
Үндэсний хээрийн шинжилгээний анги анх удаа бие даан малтлага хийхдээ том талбайг хамарсан шороон хэрэм бүхий балгасын туурь илрүүлсэн нь Төв Азийн түүхэнд анх удаагийнх гэдгийг судалгааны багийн ахлагч Түүхийн хүрээлэнгийн захирал С.Чулуун онцолсон юм. Түүнтэй цөөн хором ярилцлаа.
-Энэхүү балгас, шороон хэрмийг Хүннү гүрний үеийн Шаньюй нарын зуны ордон байх магадлалтай гэж үзэж байгаагийн шалтгааныг тайлбарлаж өгөөч?
-Түүхийн хүрээлэнгийн судалгааны багийнхан энэ газрыг хоёр жилийн өмнө судалж, ордны хэв шинж агуулсан болохыг тогтоосон ч бататгах судалгаа, малтлага хийх боломжгүй байсан юм. Харин Эзэнт гүрний 2220 жилийн ойг тэмдэглэх үндэсний комиссын санх үүжилтээр малтлага явууллаа. Монголын газар нутгаас төдийгүй Төв Азийн нутаг дэвсгэрээс ордны хэв шинжтэй ийм том хэмжээний туурь, балгас өмнө нь олдож байгаагүй юм. Хүннү гүрний үеийн Шаньюй нар өвөл, хавар, зуны гэсэн гурван ордонтой байсан бөгөөд зуны ордон нь ордны суурь, хэрэмтэй байх бөгөөд тэр нь дээвэр, туургагүй байдгийг эх сурвалжуудад тэмдэглэсэн байдаг.
Энэ балгасаас дээвэр байж болох үлдэц гарч ирээг үй бөгөөд дөрвөн намхан шавар ханатай байгаа нь эсгий, ямар нэг зөөлөн эд зүйлээр дээвэр хийж байсныг илтгэж байгаа юм. Үүнээс гадна хаалгаа урд зүгт байрлуулсан болон хэрмийн зохион байгуулалтаас харахад ордны хэв шинжтэй нь тодорхой байгаа. Мөн шороон хэрмүүд маш өндөр, ижил хэмжээтэй байгаа нь таамаглалыг бататгаж байгаа юм. Өндөр довжоотой, маш том хэрэм, барилга нь хаад ихсийн ордон байх магадлалтай гэдэг. Барилга нь ганц тасалгаатай томоохон хэмжээний асар, эсвэл ордон байсан нь малтлагын явцад ажиглагдсан. Нөгөө талаар хотын ерөнхий байгуулалт, хэрмийг үйлдсэн арга зэргээрээ энэ балгас нь Хүннүгийн хотуудын хэв шинжийг бүрэн хадгалсан гэдгийг судлаачид онцолж байгаа. Өөр нэг зүйл гэвэл энэхүү балгас оршиж буй газар нь зусланд тохиромжтой нутаг юм.
-Шороон хэрэм болон нийт талбайн хэмжээг тодорхой хэлбэл?
-Хэрмийн төв дундах балгас 52х57 метр хэмжээтэй, том дөрвөлжин барилгын үлдцэд сорилын малтлага хийхэд тэр нь 120 см өндөр байсан бөгөөд шороо дагтаршуулаад, түүн дээрээ 20-25 см зузаан нүдэж нягтруулсан шар шавраар шал хийсэн байна лээ. Шалан дээр хоорондоо 3-4 метр зайтай чулуун суурьтай модон багана босгож, барилгын тулгуур хийсэн байсан. Барилга байгаа газрын гадуурх шороон хэрэм нь 353х397 метр хэмжээтэй.
-Малтлагын үед өөр эд өлгийн зүйл гарч ирсэн үү?
-Баганын суурь чулуунууд, шатсан модны хэлтэрхийнээс өөр зүйл гарч ирээгүй. Чулуу болон шатсан модны хэлтэрхийнээс дээж авч Япон болон Герман улсад шинжилгээ хийлгэсний дараа бүх зүйл тодорхой болох юм. Үүнээс гадна нэг сонин зүйл нь төв балгасын байгууламж дотор шалнаасаа доош долоон метр орчим 6-8 см-ийн диаметртэй нүх гаргасан байсан. Тухайн үед ихэс дээдэс ордноо лустай холбодог тухай сурвалжид тэмдэглэсэн байдаг юм. Бид тэр нүхийг лусын холбоос гэж үзэж байгаа.
-Өмнө нь Хүннүгийн хотуудаас ийм хэмжээний балгас олдож байсан уу?
-Хүннүгийн хотуудаас 20 орчим балгас олдсон. Гэхдээ энэ удаагийнхаас хэд дахин бага хэмжээтэй. Хаадын зуны ордон байж болзошгүй энэхүү балгасын онцлог нь том хэрэмтэй, өндөр довжоотой.
-Цаашид судалгаа хэрхэн үргэлжлэх вэ. Мөн энэ газрыг тусгай хамгаалалтад авсан уу?
-Малтлагын ажил дууссан. Судалгааны багийнхан ажиллаж байна. Дээр дурдсан хоёр улс руу олдворын дээжийг явуулж шинжилгээ хийлгэх шаардлагатай байгаа. Булган аймаг болон Сайхан сумын удирдлагууд энэ газар орчмыг орон нутгийн тусгай хамгаалалтад авна гэж байсан. Төв Азийн нутгаас олдож буй хаадын ордны туурь байж болох энэхүү балгасын хэрэм, багана, асар байсан хэсэгт дэрс ургаж тал газраас ялгаруулсан нь сонин аж. БСШУ-ы сайд Ё.Отгонбаяр Дов дэрсний балгас хэмээх энэхүү малтлагатай танилцсан юм. Тэрбээр “Хэрвээ шинжилгээгээр Хүннү гүрний үеийн хаадын зуны ордон мөн болох нь тогтоогдвол түүх соёлын үнэлж баршгүй ховор дурсгал болох нь ойлгомжтой.
Тиймээс судалгаа, шинжилгээг маш яаралтай хийх хэрэгтэй. Үүний тулд яамны зүгээс шаардлагатай арга хэмжээг авах болно. Мөн энэ жил анх удаа Үндэсний томоохон шинжилгээний анги бие даан судалгаа хийж, ийм том хэмжээний туурь балгасыг илрүүлээд байгаа нь сайшаалтай. Энэ нь Үндэсний шинжилгээний баг болон монгол эрдэмтдийн судалгаа шинжилгээнд төрөөс багагүй анхаарч, дэмжих цаг ирснийг харуулж байна. Булган аймгийн Сайхан, Баяннуур, Дашинчилэн зэрэг сумдын нутаг дэвсгэрийг улсын тусгай хамгаалалтад авч, байгалийн дурсгалт цогцолбор газар болгох талаар авч хэлэлцэнэ” гэв.
Б.ЭНХ

Уншигчдын сэтгэгдэл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
АНХААР: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mongolnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.