Кюүшюүгийн тэмцээнд их аварга Фүтабаямагийн 69 дараалан ялсан рекордыг эвдэхээр зэхэж буй ёкозүна Хакүхог тэмцээний эхний өдрөөс эхлэн тусгай камер дагах болно.
Ёкозүнаг барилдсаны дараа ярилцлага авах сэтгүүлчид, телевизийн камерийн тоог хязгаарладаг ч энэ тэмцээнд тусгай зөвшөөрөл олгожээ. Харин энэ нь Хакүход хэрхэн нөлөөлөх талаар хэн ч бодсонгүй. Магадгүй байнга камерийн дуранд байхаар стрессдэн бухимдаж болох. Харин сүмогийн холбоо түүхэн амжилтыг эвдэж байгаа мөчийг дохён дээрх барилдаан төдийгүй барилдааны өмнөх, дараах бичлэгтэй хойч үедээ үлдээх зорилготой гэнэ.
Мөн сүмогийн холбоо энэ үеэр “Эн Эйч Кэй” телевизийн камерийг ч хувцас солих өрөөнд оруулахгүй бөгөөд өөрсдийн хийсэн дүрсийг телевизийн компаниудад худалдаж, орлого олох аж. Харин “Эн Эйч Кэй” телевиз Хакүхог рекорд тогтоосон тохиололд шууд ярилцлага хийн орон даяар цацахаар Сүмогийн холбоотой хэлэлцээ хийж эхлээд байна. Башё ойртох тусам Хакүхо сүмогийн түүхийг шинэчлэн тогтоох эсэх талаар яриа гарсаар.
“Мэхний их дэлгүүр” хэмээн нэрлэгдэж байсан Майноүми “Хакүхо 2011 оны аль хэсэгт өвдөг шороодох бол доо гэж л бодох хэрэгтэй. Тэр 10 дараалан ялж ч чадах бөх” хэмээн магтжээ. Фүтабаямагийн амжилтыг эвдэх өдөр Хакүхогийн барилдаанд шагналын 30000 доллар тавигдаж магадгүй байгаа гэнэ. Хакүхогийн хувьд сүүлийн хэдэн өдөр хамт бэлтгэл хийх цолтой бөх олдохгүй байгаа гэнэ. Гоэйдо тэргүүтэй Японы ирээдүй гэгдэж байгаа залуус Хакүхог дэвжээнд нь ирэхээр гэмтэл, бэртэлтэй гээд л бэлтгэлдээ гарахгүй болоод байгаа аж. Хакүхо хэрэв их аваргын амжилтыг эвдсэн тохиолдолд нэгдүгээр сард төрөх хүүхдэдээ Фүтабаямагийн нэрний ханзнаас оруулсан нэр өгөх төлөвлөгөөтэй байгаа гэнэ.
М.СУГАР-ЭРДЭНЭ

Уншигчдын сэтгэгдэл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
АНХААР: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mongolnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.