Саяхныг хүртэл Монголд санхүүгийн үйлчилгээ гэдэг ойлголт банкны зээл, лизинг төдийгөөр хязгаарлагдаж байсан. Харин энэ нь зах зээлийн нийгэм төлөвшиж буй манай орны хувьд хангалттай үзүүлэлт биш. Дэлхийн олон оронд томоохон компаниас эхлээд хувь хүн төрөл бүрийн санхүүгийн үйлчилгээнд хамрагдаж, амьдралдаа ашигладаг туршлага бий. Энэ жишгийг “FSCo” групп Монголд нэвтрүүлэхээр амьдралын даатгалын “Нэйшнл лайф”, венчур хөрөнгө оруулалтын “Эн Ви Си”, диллер, брокер, андеррайтерийн “Эм Ай Би Жи” компаниудыг үүсгэн байгуулсан нь үйл ажиллагаа явуулаад багагүй хугацаа өнгөрсөн. Энэ талаар тус группийн гүйцэтгэх захирал, эдийн засагч Д.Жаргалсайхантай ярилцлаа.
-Манай зарим бизнесмэн Монголын одоогийн санхүүгийн зах зээл дээр шинэ ажил эхлүүлэхэд эрсдэлтэй гэж үздэг. Гэтэл танайх яагаад энэ ажлыг хийх болов?
-Эрсдэлтэй гээд хойш суугаад байж болохгүй ажил. Хэчнээн эрсдэлтэй байгаа ч гэсэн Монголд нэн чухал хэрэгцээтэй байгаа энэ ажлыг хэн нэг нь хийх хэрэгтэй биз дээ. Эхний ээлжинд бид зах зээл өндөр хөгжсөн орнуудад байдаг санхүүгийн үйлчилгээнүүдээс Монголд байхгүй, чухал шаардлагатай хэлбэрийг нь олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлэх зорилго тавиад, хоёр жилийн өмнөөс ажлаа эхэлсэн. Энэ хугацаанд гадаад, дотоодод хэлхээ холбоо тогтоож тохиролцоо хийх, хүмүүст санхүүгийн үйлчилгээ гэдгийг таниулах гээд мундахгүй их ажил амжуулсан. Энэ ажил амаргүй байсан. Иргэдийн санхүүгийн боловсролыг хөгжүүлж, үүнийгээ амьдралдаа ашиглаж сурахад нь туслах хэрэгтэй болсон юм. Тухайлбал, ирээдүйд учирч болох санхүүгийн хүндрэлээс сэргийлэх, хуримтлуулсан мөнгөө хаана, хэрхэн ашигтай байрлуулах арга замаа тодорхойлж чаддаг, шинэ ажил эхлэх, бизнес хийх гэж байгаа нэгэнд мөнгө, хөрөнгө босгоход нь тусалдаг санхүүгийн үйлчилгээ гэдэг зүйл байдгийг таниулах хэрэгтэй болсон.
-Харамсалтай нь, ямар нэг бизнес эрхлэх, төсөл хэрэгжүүлэх бодолтой явдаг хүмүүс санхүүгийг үйлчилгээний талаар нарийн ойлголт байдаггүй?
-Санхүүгийн үйлчилгээ гэхээр манай иргэд ихэнхдээ банк, хадгаламж зээлийн хоршооны хүрээнд ойлголттой байдаг. Дээр нь санхүүгийн түрээс буюу лизинг. Тэгвэл зах зээл өндөр хөгжсөн гаднын орнуудад хүн бүр санхүүгийн үйлчилгээг амьдралдаа ашиглаж болохуйц болтлоо боловсорч, төрөлжсөн байдаг. Энгийн үгээр хэлэхэд, энэ нь хөрөнгө, орлого, боловсрол, ажил алба хамаарахгүйгээр хүн бүрийн амьдралд ашиг тусаа үзүүлдэг. Тухайлбал, ирээдүйд нүүрлэх магадлалтай санхүүгийн хүндрэлийг энэ төрлийн үйлчилгээг ашиглан хохирол багатайгаар давах шийдлийг олж болно. Эсвэл бизнесийн ашигтай төсөл боловсруулчихаад мөнгөний гацаанд орсон нэгэнд шаардлагатай мөнгийг нь босгоход тусалж байна. Мөнгөний гацаанд орсон тохиолдолд өнөөдөр Монголд ямар боломж байна вэ гэхээр банкны үүд сахих, эсвэл төрийн түшмэдүүдийг царай алдан ар өврөөр нь гүйхээс өөр гарц үнэндээ байхгүй. Тэгвэл энэ дээр бусдын хөрөнгийг дайчлах, төслөө өөртөө төдийгүй өрөөлд ашигтай байлгаж, мөнгө босгох ажилд санхүүгийн үйлчилгээ ашиглаж болдог юм. Эсвэл цалингаасаа цуглуулсан, бизнесийн ашгаасаа хуримтлуулсан мөнгөө хаана, яаж ашигтай, найдвартай байдлаар байршуулж болох вэ, хэнээс ямар үйлчилгээ авах ёстой юм гэдгийг ч төвөггүй шийдэж болдог. Өөрөөр хэлбэл, санхүүгийн үйлчилгээ гэдэг маань зөвхөн томоохон бизнес эрхлэгчид, компаниудад зориулсан зүйл биш, нийгмийн эд эс болсон өрх бүрт, хувь хүн бүрт хүрэх үйлчилгээ. Дэлхий дахинд санхүүгийн үйлчилгээ гэдэг энэ зуунд үүссэн цоо шинэ зүйл биш, зах зээлийн замналаар олон жил явсан орнуудад хэдэн зуун жилийн турш хэрэгжээд, төлөвшөөд, тогтчихсон ойлголт. Харин эдгээрээс тун цөөн төрөл нь манайд нэвтэрсэн ч зарим нь төлөвшиж чадахгүй байна. Сүүлийн хэдхэн жилийн хугацаанд манай хөрөнгийн болон банк, санхүүгийн зах зээл дээр болсон доргилтууд үүнийг нотолж байгаа. Зөвхөн “FSCo” групп дангаараа санхүүгийн үйлчилгээний бүх төрлийг Монголд оруулж ирнэ гэж зүтгэх боломжгүй. Нийгмээрээ, төр, иргэн, бизнесмэн, компаниуд гээд монголчууд бүгд хөдөлж, итгэж, дэмжиж хамтарч байж хийх ажил. Манай группийн хувьд эхний ээлжинд Монголд нэн шаардлагатай гурван төрлийн үйлчилгээг нэвтрүүлэх гээд ажиллаж байгаа.
-Ямар гурван үйлчилгээг Монголд хамгийн түрүүнд нэвтрүүлэх шаардлагатай гэж үзэв?
-Эхнийх нь бидний нэрлэж заншсанаар амьдралын даатгал. Үүнийг анх сонссон хүн ямар ч байсан амьдралтай холбоотой урт хугацааны даатгал юм байна гэж ойлгоно. Дотроо амь нас, эрүүл мэнд, тэтгэвэр, хөдөлмөрийн чадвартай холбоотой гээд төрөлжүүлсэн бүтээгдэхүүн бий. Бүр тухайн айл өрхийн хэрэгцээг хангахад шаардлагатай хуримтлалыг бий болгох, үүний дотор орон сууцны хуримтлалын даатгал, боловсролын хуримтлалын даатгал гээд хүний амьдралд байдаг бүхий л хэрэгцээг хангах зориулалттай төрлүүд бий. Хоёр дахь нь, олон улсад “Investment banking” нэрээр төлөвшсөн үйлчилгээ. Үүнийг бид монгол руу “Төслийн санхүүжилтийг босгож өгөх үйлчилгээ” гэж буулгасан. Энэ төрлийн үйлчилгээг тодорхой төсөлтэй хүн, ирээдүйтэй төсөлтэй компани авч болно. Бид тухайн төсөлд хэрэгтэй хөрөнгө, санхүүжилтийн асуудлыг шийдэж өгөх юм. Жишээлбэл, 100 сая төгрөг хэрэгтэй байлаа гэхэд хувьцаа гаргах замаар хэчнээн төгрөг босгож болох нь вэ, хувиараа хөрөнгө оруулагчдаас хэдэн хувийг нь татах боломж байна, төрөөс хэрэгжүүлж буй төслөөс тодорхой хөрөнгө татаж болох нь үгүй юү, хэдийг нь банкнаас зээлэх вэ гэдгийг зохицуулж өгдөг цогц, нэлээн том хэмжээний үйлчилгээ гэж ойлгох хэрэгтэй. Гурав дахь нь, манайх өөрсдийн хэмжээнд таарсан төслүүдэд хөрөнгө оруулалт хийгээд явж байна. Олон улсад венчур капитал гээд нэршсэн манай үйлчилгээнд өсөх ирээдүйтэй, үр хөврөлийнхөө шатанд явж байгаа компани, төслүүд хамрагдаж болох юм. Бид тухайн төслийн хамгийн эрсдэлтэй үед нь боломжийнхоо хэрээр хөрөнгө оруулалт хийгээд, эрсдэл нь буурсны дараа бусдын хөрөнгийг татаж, санхүүжилтийг шийдэж өгөх юм. Энэ үйлчилгээний хамгийн таатай нөхцөл нь бид эрсдэлийг нь үүрэлцэж, ашигтай ажиллах боломжтой болсон хойно тухайн төслөөс гардагт байгаа юм.
-Товчхондоо бол мөнгөний гацаанд орсон, ирээдүйтэй ашигтай төсөл, бизнест санхүүгийн дэмжлэг үзүүлдэг гэсэн үг үү?
-Энгийнээр хэлбэл мөн л дөө. Товчхондоо ингэж хэлж болох ч чимхлүүр ажилтай, нарийн үйлчилгээ гэдгийг нэмж хэлэх нь зүйтэй. Анх сонсоход зөвхөн мөнгө, хөрөнгийн асуудал шиг санагдах ч яг үйлчилгээ үзүүлэх гэхээр манай дээр ирж байгаа төсөл, компаниуд дээр янз, янзын хүндрэлүүд гардаг. Тухайлбал, компанийн дүрэм гээд хоёрхон хуудас байж байдаг, захирал нь гээд мэргэжил, мэдлэг үл хамаарсан нэг хүн бүхнийг удирдахаар төлөвлөсөн, хамтран ажиллаж байгаа баг нь менежментийн мэргэжлийн хүмүүс биш ах, дүү хамаатан садан нь сууж байх жишээтэй. Тиймээс сонгосон зарим төсөл дээр мэргэжлийн менежментийн баг бүрдүүлэх, ялангуяа компанийн сайн засаглал тогтоох, бүр технологийн хайлт, тооцоо судалгааг нь хийх багц үйлчилгээ үзүүлэх болчихоод байгаа юм. Өнөөдөр Монголын санхүүгийн зах зээлийг хараад байхад төсөл босгох сонирхолтой, өөрийн гэсэн тодорхой төсөлтэй хувь хүн, компаниудад мөнгө хөрөнгө босгоё гэвэл төрийн зээл, дэмжлэгийг эс тооцвол боломж байхгүй гэж болно. Төрөөс төсөл хэлбэрээр, жишээлбэл өнгөрсөн жилийн дуулиантай жижиг дунд үйлдвэрийг дэмжих 30 тэрбум гэх маягаар үйлчилгээ үзүүлдэг. Гэхдээ хүн бүр үүнээс хүртэж чадах уу гэхээр эргэлзээтэй. Тиймээс өөр гарц хайх хэрэгтэй болно доо. Зарим нь хөрөнгийн бирж дээр хувьцаа гаргаж хөрөнгө босгох ажил хийх гэж үзсэн. Нэг, хоёроос бусад нь амжилт ололгүй дампуурсан. Тэгэхээр банк руу очно, зээлтэй дүйцэх хэмжээний барьцаа нэхэж, баталгаа шаардана. Бүтэхгүй бол арга ядаад мөнгөтэй найз руугаа гүйнэ дээ. Өөр ямар ч боломж байхгүй шүү дээ. Өөрөөр хэлбэл, өнөөдөр Монголд хэчнээн сайн төсөл хийж, ашигтай бизнес эхлүүлсэн ч үүнийгээ хэрэгжүүлэх бодит боломж хязгаарлагдмал байгаа юм. Үүнийг ажигласны үндсэн дээр хоёр жилийн өмнөөс венчур капитал үйлчилгээг эхэлүүлсэн. Энэ нь эрсдэл ихтэй хөрөнгө оруулалт гэсэн үг. Тухайн төсөл эрсдэл ихтэй байсан ч өгөөжтэй, өсөж дэвжих боломжтой, цаашид аваад явах менежментийг сайн багтай байх юм бол хэрэгжих бодит боломжийг нь олгох санхүүгийн үйлчилгээ юм. Хөрөнгө оруулалтын санхүүжилтэд IPO хийх, бонд гаргаж хөрөнгө босгох, цаашилбал том төслүүд дээр гаднын хөрөнгө оруулалтыг татах гэрээ хэлэлцээр ч хийж болно. Мөн гадаад, дотоодын зээлд зуучилж болно. Венчур капиталын үйлчилгээ 15 жилийн өмнө АНУ-д хүчээ авсан, сүүлийн үед Европт ихэд дэлгэрээд байгаа юм. Үүнийг бид монголчууддаа таниулж, хүргэхээр ажиллаж байна.
-Сайн төсөлтэй хүн, эсвэл ирээдүйд дэвжих боломжтой ч үр хөврөлийнхөө шатанд явж байгаа компаниудад тулгардаг хамгийн том бэрхшээл болох санхүү, хөрөнгийн асуудлыг нь шийдэж өгнө гэсэн үг үү?
-Манай венчур капиталын үйлчилгээг сонирхсон хүн хоёр шалгуурыг давах ёстой. Эхнийх нь богино хугацаанд дэвжих, ашигтай ажиллах боломжтой нөгөөх нь, тэр төслийг цааш хэрэгжүүлэх мэргэжлийн сайн баг бүрдүүлсэн байх ёстой. Тэгвэл бид хөрөнгө, санхүү босгох тал дээр туслана.Тодорхой хугацаанд хамтарч ажиллаад, ажлыг нь эхлүүлээд, үйлдвэрлэл бизнес нь тогтворжсоны дараа бид өөрсдийн хувиа буцаагаад эзэнд нь зарчих юм. Ингээд тэр хүн тогтворжсон бизнесээ толгой даан цааш авч явах болдог. Маш товчхоноор хэлэхэд, эрсдэлтэй үед нь ороод, хөл дээр нь босгочихоод буцаад гарна. Энэ зарчим хуваах, таллах дургүй монгол сэтгэлгээнд их нийцдэг бололтой юм билээ. Одоогоор бид барилгын салбар, сүүний үйлдвэр гээд хэд хэдэн төсөл дээр хамтарч ажиллаж байна. Эдгээрээс гадна эрсдэл хүлээсэн төслүүд ч бий. Тухайлбал өнгөрсөн жил газар тариалангийн салбарт 10 саяын хөрөнгө оруулсан. Харамсалтай нь, эрт хүйтрэлтийн улмаас ургацаа алдсан. Венчур капитал үйлчилгээний онцлог давуу тал нь эрсдэл хүлээсэн нөхцөлд бид цаад хүнээс нэг ч төгрөг нэхэхгүй, төр засгаас ч хариуцлага шаардахгүй. Энэ төсөлд анх орохдоо л болзошгүй эрсдэлийг тооцож, мэдэж байсан учраас үр дүнг нь үг дуугүй хүлээсэн нь тэр.
-Танайх ашгийн төлөө ажилладаг байгууллага гэдэг нь нууц биш. Ийм зарчим бизнес эрхлэгчдэд таатай боловч танай байгууллагын хувьд аз сорьсон хэрэг биш үү?
-Тийм учраас бид төсөл сонгохдоо маш хариуцлагатай, няхуур ханддаг. Бид төсөл амжилттай хэрэгжвэл зохих хувиа авна. Тиймээс нэгэнт сонгосон бол үйл ажиллагаа нь жигдэрч, ашигтай ажиллах хүртэл хамтдаа зүтгэнэ дээ. Үүний дүнд цаад талдаа ч, бидэнд ч ашиг унана. Эрсдэлээ бол манайх хүлээнэ гэхээр их таатай үйлчилгээ юм. -Ийм өндөр шалгуурыг хүссэн хүн, байгууллага бүр давахгүй болов уу? -Хоёр зүйлийг анхаарах хэрэгтэй. Монголчууд менежментийн баг бүрдүүлэх дээр анзааргагүй ханддаг. Нэг бол ах, дүү нараа цуглуулчихна, эсвэл насаараа тэр салбарт тэргүүлсэн мэргэжилтэн, доктор, профессор байвал сайн гэж боддог. Зарим хүн “Би насаараа энэ салбарт ажилласан” гээд зүтгэчихнэ. Тийм үед “Та шилдэг мэргэжилтэн байж болно. Гэхдээ хүн эмчилнэ, эмнэлгийн дарга байна гэдэг тэс өөр ажил шүү дээ. Тэгэхээр та тухайн салбартаа ажиллаж байсан арвин туршлагатай шилдэг мэргэжилтэн байхаас гадна бизнес санхүүгийн мэдлэгтэй, технологио мэддэг, менежмент мэддэг байх шаардлагатай” гэж тайлбарладаг. Нөгөө нэг асуудал нь дутуу боловсруулсан техник эдийн засгийн үндэслэл. Харахад их сайхан график, зурагтай, өнгөтөөр хэвлэсэн хуудсууд бариад ирдэг. Гэтэл тэндээ төсөөллөө, өөрийнхөө харахыг хүссэн тоогоо бичээд ирсэн байх нь олон. Харин бидний шаарддаг техник, эдийн засгийн үндэслэл маань эн тэргүүнд төслийн эзнээс хараат бус байх ёстой, тэнд байгаа тоо, магадлал, дүгнэлт бүрийн төлөө хариуцлага хүлээх хөндлөнгийн хуулийн этгээдээр хийлгэх хэрэгтэй. Эцэст нь, тэнд бичигдсэн тоо, үг бүр бодит үндэслэлтэй байх гэсэн шалгуур тавьдаг. Энэ шаардлагыг хангаагүй улмаас маш олон төсөл дэмжигдэхгүй, хасагддаг юм.
-Өнгөрсөн хугацаанд венчур капитал үйлчилгээг сонирхсон хэчнээн төсөл, байгууллага танайд хандсан бэ? Одоогоор хэд нь танай “Эн Ви СИ” ХХК-ийн үйлчлүүлэгч болоод байна вэ?
-Хоёр жилийн хугацаанд 100- гаад төсөл ирсэн. Бид дотоод дүрэм журмаараа шалгахад ердөө 10-аад нь “боломжтой” гэж дүгнэгдсэн. Үүнээс тал нь л венчур капитал үйлчилгээ авах болзол хангасан. Одоогоор хөөсөн бетонон блокын “Пеноблок”, хүүхэд залууст зориулсан “Хүүхдийн ертөнц”, сүүний үйлдвэрийн “Жаргалан” гээд гурван төсөл дээр амжилттай ажиллаж байгаа. Харин бусад төслүүд анх тооцоолж байсан шигээ ашигтай, дэвшилттэй үр дүнд хүрээгүй учраас бид гарсан.
-100-гаас тав гэхээр маш бага үзүүлэлт. Үлдсэн 90 гаруй төсөл ямар учраас хасагдсан юм бол. Бодит боломжийг олгоно гэж яриад байгаа атлаа танайх дэндүү өндөр шалгуур тавиад байгаа юм биш үү?
-Би хэлсэн дээ. Энэ зүгээр нэг хөрөнгө босгох биш, маш нарийн, чимхлүүр ажил гэж. Бидний шалгуур өндөр байна уу гэвэл үгүй. Хамгийн эхний бүдрэх шалтгаан бол нөгөө дутуу боловсруулсан техник, эдийн засгийн үндэслэл нь нийцэхгүй байна. Хоёрдугаарт, компанийн засаглал гэдэг зүйлийг манайхан ер ойшоохгүй байна. Төсөл бичсэн хүн захирлаасаа эхлээд бүгдийг нь би хийнэ гээд үзээд байдаг. Сайн баггүй бол амжилтын талаар ярих ч хэрэггүй. Дэмжигдэхгүй, хасагдаад байгаа гол шалтгаан ердөө л энэ хоёр.
-Бизнес хийх хүсэлтэй хүмүүс энэ маягаар санхүүгийн үйлчилгээ авч болох нь. Тэгвэл хувь хүн бүр санхүүгийн үйлчилгээг амьдралдаа ашиглаж, хэрэглэж болно гэсэн. Хүний орлого, хуримтлал, түрийвчин дэх мөнгөөр дамжуулан амьдралд нь ашиг тусаа өгөх үйлчилгээ гэхээр уншигчид сонирхох нь лавтай. Тухайлбал, даатгалын үйлчилгээг бид заавал даатгуулах нийгмийн даатгал, үр өгөөжийг нь тэр бүр мэдэрдэггүй эрүүл мэндийн даатгал төдийгөөр ойлгодог…
-Сүүлийн арван хэдэн жилийн хугацаанд монголчууд даатгалын үйлчилгээг өөрөөр ойлгодог болсныг хэлэх хэрэгтэй. Энэ ойлголтыг таниулах, төлөвшүүлэхэд сайн муугаар хэлэгдэж байдаг Нийгмийн даатгал, дээр нь хэд хэдэн хувийн даатгалын компани хувь нэмрээ оруулсан. Гэсэн ч даатгал гэхээр нэлээд маргаантай байдаг, зарим хүн энэ үйлчилгээнд гомдолтой явдаг юм байна. Үүнд олон хүчин зүйл нөлөөлж, олон талын хамааралтай байх нь ойлгомжтой. Манай нийгмийн даатгалын тогтолцооноос бусад салбар аль хэдийнэ зах зээлийн эдийн засаг руу ахисан байгаа юм. Харин нийгмийн даатгал нөгөө л төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн үеийнх шиг төр засгийн мэдэлд л байгаад байдаг. Хүн цалин, орлогоосоо тодорхой хувиа өгдөг. Тэр хуримтлал төрийн нэрийн дор ямар ч хяналтгүйгээр үрэгдэж, зарцуулагддаг. Нөгөөтэйгүүр, хуваарилах зарчим нь ч шударга биш. Жишээлбэл, албан хаагч Бат сар бүрийнхээ орлогын 10 хувийг нийгмийн даатгалд өгдөг бол малчин Дорж нэг ч удаа нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаагүй. Гэтэл тэтгэвэрийн насанд хүрэхээрээ хоёулаа адил хэмжээний тэтгэвэр авдаг. Шударга биш биз дээ. Энэ бол хуучин нийгмийн тогтолцооны “адил, тэнцүү байх” гэсэн зарчим юм. Дээр нь, тэтгэвэр авдаг хүмүүс алгаа тосч гуйгаад төрөөс мөнгө аваад байгаа биш. Өмнө нь нийгмийн даатгалын санд хуримтлуулсан мөнгөнөөсөө буцааж авч байгаа юм. Өнөөдрийн тогтолцоо нийгмийн даатгал нэрээр хувь хүний орлогоос шууд авдаг хэрнээ эргүүлээд өгөхдөө төрийн халамж үзүүлж буй мэт ойлгуулаад, тэтгэвэр авч байгаа хүмүүс нь гуйж байж халамж хүртэж байгаа юм шиг харагддаг. Иймэрхүү тогтолцооны гажгаас болж даатгал гэдэг дэмий зүйл, ямар ч ашиггүй гэдэг ойлголттой хэсэг хүмүүс байна. Үүнийг бид залруулж, зөвөөр ойлгуулж, үр шим ашиг тусыг нь хүртэх боломжийг бүрдүүлэх гэж ажиллаж байгаа. Гаднын орнуудад даатгал алхам тутамд нь хэрэглэгддэг. Даатгалгүй бол эмнэлэгт үзүүлж, ажилд орж, нийгмийн бусад үйлчилгээг авч чадахгүй, бүр цаашлаад амьдрах эрхийг нь баталгаажуулдаг хамгийн том түлхүүр нь болчихоод байгаа. Америкт гэхэд л дүрэм зөрчдөг жолоочийн даатгалын төлбөр арай илүү байх жишээтэй. Энд, замын хөдөлгөөний дүрэм зөрчиж байгаа тэр хүн бусдын болон өөрийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд эрсдэл учруулах магадлал ихтэй учраас илүү төлбөр төлөх ёстой гэсэн мессеж явдаг. Монголд ийм хэвшлийг бий болгохын тулд ганц манай компани биш нийтээрээ, нийгмээрээ хөдөлж, даатгалын тогтолцоогоо хүчирхэгжүүлж, үйлчилгээг нь хүн болгонд хүргэдэг болгох хэрэгтэй юм.
-Энэ ажилд хүн бүрийн оролцоо чухал гэж байна. Хүмүүс ашиг тусыг нь ойлгосон үед дэмжинэ шүү дээ. Хадгаламж зээлийн хоршоодын будлиан, томоохон арилжааны банкуудын гэзэг дарсан дампуурлын золиос нь тэдэнд итгэж, сонгож үйлчлүүлсэн энгийн иргэд байсан. Ар араасаа гарсан банк, санхүүгийн салбарын энэ доргилтуудаас болж хүмүүс “Мөнгөө гудсан дороо хадгалах нь хамгийн аюулгүй” гэж бодох болж. Энэ нөхдүүд сайхан юм амлаж, ярьж хүмүүсээс хэдэн төгрөг цуглуулж аваад алга болдог гэсэн хардлага гарч байгаа биз дээ?
-Бүгд “Яагаад даатгалын секторт хувийн байгууллага орох сонирхолтой байгаа юм, та нар чинь буяны биш ашгийн төлөө ажилладаг хүмүүс шүү дээ?” гэж асуух нь лавтай. Үүнийг тайлбарлахын тулд дахиад л олон улсын туршлагыг ярина. Амьдралын даатгалын тогтолцоо олон улсад гурван төрлөөр явдаг. Нэг нь манайх шиг 100 хувь төрийн, хоёр дахь нь хувийн компаниуд, гурав дахь нь сайн дураараа хорших маягаар ажилладаг. Зөв тогтолцоог бүрдүүлж чадвал аль аль нь үр өгөөжтэй. Хамгийн гол нь ард нь маш сайн менежмент байх ёстой. Хадгаламж зээлийн хоршоод, том банкны дампуурлаас үүдээд монголчууд санхүүгийн үйлчилгээнд итгэхээ больж, болгоомжилдог болсон. Тэгвэл үүний гол алдаа нь хяналтын тогтолцоо байгаагүй. Төр ч, тухайн байгууллага ч, үйлчлүүлэгч ч ямар нэг хяналт тавиагүйн улмаас шил шилээ дарсан дампуурлууд болсон юм. Харин бидний хувьд энэ цоорхойг нөхөж, өндөр шалгууртай, хариуцлагатай, нээлттэй хяналтын тогтолцоог бий болгосон. Бид урт удаан хугацаанд ашигтай, тогтвортой ажиллахын тулд хэрэглэгчдийнхээ итгэлийг олох хяналтын шударга, хүчтэй тогтолцоог бүрдүүлэх шаардлага гарч байгаа. Хамгийн шударга, хүчтэй хяналт бол Санхүүгийн зохицуулах хороо ч биш, төр ч биш, ердөө үйлчлүүлэгч. Мөнгөө өгсөн хүн хянах нь чухал. Тиймээс бид энэ бололцоог бүрэн хангаж өгсөн, мөн хууль эрхийнхээ хүрээнд төрийн хяналтын байгууллагууд оролцоно. Эцэст нь хамгийн чухал хөндлөнгийн хяналт бол давхар даатгалын гэрээтэй дэлхийд тэргүүлэгч “Мюних Ре” компани. Бидний нэг том давуу тал бол давхар даатгал. Борлуулалтын орлого болон туршлагаараа дэлхийд тэргүүлдэг Германы “Мюних Ре” гэдэг давхар даатгалын компанитай гэрээ хэлцэлтэй ажилладаг. Манай компанийг байр сууриа бэхжүүлж, туршлагатай болтол эрсдэлээ 80/20 гэсэн харьцаатай үүрнэ гэсэн гэрээтэй. “Мюних Ре” 80 хувийг нь нөхөн төлж, үлдсэн хувийг нь бид гаргана гэсэн үг. Дэлхийн жишгээр даатгалын компаниуд давхар даатгагдсан, тэр нь бодитой байх ёстой. Манайд даатгуулсан хүн бүр компанийн талаарх мэдээллийг хүссэн үедээ авч болно, төлсөн мөнгөний урсгалаа хянаж, шалгаж болдгоороо бусдаас ялгаатай. Олон улсын жишгийг Монголдоо нэвтрүүлж байгаа юм. Манай эрсдэлийн 80 хувийг үүрч байгаа болохоор тэдний зүгээс өндөр шалгуур, шаардлага тавьдаг.
-Тэгвэл жирийн иргэн даатгалын ашиг тусыг амьдралдаа яаж мэдэрч болох вэ?
-Хоёр жилийн өмнө бид амьдралын даатгалын компаниа байгуулаад, анхны бүтээгдэхүүн буюу хугацаат даатгалын үйлчилгээгээ бэлэн болгоод тодорхой албан байгууллагуудад санал болгосон юм. Гэтэл хүмүүс янз бүр хүлээж авсан. Зарим нэг нь бүр уурлаж манай даатгалын мэргэжилтнийг “Нас барчихвал надад даатгал ямар хэрэгтэй юм, чи ер нь яасан муу ёрын юм яриад яваа нөхөр вэ?” гэж загнаж байсан удаатай. Тийм үед “Энэ муу ёр удсан хэрэг биш ээ. Та орлого олж, ар гэрийнхнийхээ амьдралыг баталгаажуулж байгаа хүн шүү дээ. Танд муу зүйл тохиолдохгүй бол хэн хэнд маань сайн. Гэхдээ гэнэтийн, золгүй явдал танд тохиолдох юм бол ард үлдэж байгаа хүмүүсийнхээ ирээдүйг баталгаажуулж, хамгаалах хэрэгтэй шүү дээ. Энэ бол гэр бүлээ хайрладаг хүний сонголт” гэж нэгбүрчлэн тайлбарлаж, таниулдаг байсан. Одоо бол өөр шүү. Амьдралын даатгал гэдэг үг хүмүүсийн чихэнд танил болж, үгийн санд нь суусан байна. Манай компанийн нэрийг таньдаг болж, даатгалын зарчим, нарийн ширийнийг мэддэг болж. Бидний санал болгож буй даатгалын бүтээгдэхүүн болгон төрөл, шинж чанараас хамаараад үр өгөөж, ашиг тус нь өөр. Дээр ярьсан хугацаатай даатгалаас гадна хуримтлалын даатгал гэж бий. Чадал тэнхээтэй байгаа үедээ орлого, зарлагаа сайн төлөвлөөд төдөн жилийн дараа хотын баруун дүүрэгт байршилтай гурван өрөө орон сууц авна гэх мэтээр зорилгоо тодорхойлоод мөнгөө тогтмол хугацаанд бага, багаар хийгээд байвал даатгалын компани зорилгыг тань биелүүлэхэд бодит хувь нэмрээ оруулна. Үүн дээр даатгалын том давуу тал ч бий. Товлосон хугацаандаа ямар нэг гэнэтийн эрсдэл (ажлаасаа халагдах, өвдөх …) гарвал бид нөхөн төлбөр болгож гэрээнийхээ дагуу үүргээ хүлээдэг. Олон улсад байдаг жишиг. Даатгалын ашиг тусыг энгийнээр тайлбарлая гэвэл өвчнөөр жишээ авч болно. Өвдлөө, наад зах нь тодорхой хугацаанд ажлаа хийхгүй учраас орлогогүй болно. Өвдсөн хүн зарлага гаргана аа даа. Цаашлаад амь насанд тулж, гадаад руу явж өндөр үнэтэй эмчилгээ хийлгэх болдог. Ийм үед манайхан “Монгол ах дүү нар минь туслаач” гээд хандивын данс нээж, хандивын тоглолт хийх гээд бадар барих арга сэддэг. Тэр бүр хэрэгцээтэй мөнгө нь хугацаандаа цугладаг ч юм уу, үгүй ч юм уу. Тэгвэл ийм байдалд орж, хэн надад хэдэн төгрөг хандивлах бол гэж амь нас, эрүүл мэндээ дээсэн дөрөөн дээр дэнжигнүүлж байхын оронд эртхэн даатгал хийлгэсэн бол ийм асуудалд унахгүй. Өөрөөр хэлбэл, өрхийн болон хувь хүний санхүүгийн төлөвлөгөө гэдэг зүйл маш чухал юм. Зах зээлийн нийгэм гэдэг хүн болгоноос алхам тутмаа бодож, төлөвлөж амьдрахыг шаардана. Тэр дотроо өвчин тусвал яах билээ, адаглаад машинд шүргүүлчихвэл нөгөө жолоочтойгоо цуг хууль хяналтын байгууллагаар хөөцөлдөөд гүйх үү, эсвэл даатгалын компаниас эмчилгээний зардлаа аваад, бусад асуудлаа компанид даатгаж орхиод биеэ эмчлүүлэх үү гэдгээ л сонгоно гэсэн үг шүү дээ. Ерөнхийд нь ингэж тоймлож болох ч бүгдийг цөөн үгээр хэлж болохгүй юм. Тиймээс сонирхож байгаа хүмүүс манай мэргэжилтнүүдээс тодорхой, дэлгэрэнгүй мэдээлэл авч болно.
-Тэгэхээр даатгал тэргүүтэй санхүүгийн үйлчилгээ гэдэг зөвхөн бизнес эрхэлж байгаа компаниуд, их хэмжээний хөрөнгө мөнгөтэй холбоотой яригдах зүйл биш. Ширээний ард хичээлээ хийгээд сууж байгаа оюутан, сурагчдад ч гэсэн хамаатай байх нь?
-Тэгэлгүй яахав. Бид хүүхдийн боловсролын даатгалын бүтээгдэхүүн зах зээлд гаргахад бэлэн болгоод байгаа. Энэ үйлчилгээг тухайлбал эмээ, өвөө нар сонгож, ачийнхаа сайхан ирээдүйд хувь нэмэр оруулах үүднээс боловсролд зориулж одооноос мөнгөө хуримтлуулж болно. Эсвэл албан байгууллага ажилтнуудынхаа үр хүүхдүүдэд зориулж боловсролын даатгал хийлгэж болно. Тэрнийхээ төлөө ажилтнуудынхаа өмнө хариуцлага хүлээж, ажилтандаа өндөр шаардлага тавих бололцоотой болох давуу талтай. Ингэхээр нэг талаасаа ажилтанд хэрэгтэй, нөгөө талаас ажил олгогчид ч хэрэгтэй сонирхлын зөв хослолыг бий болгож байгаа хэрэгсэл нь амьдралын даатгал болж байгаа юм.

Уншигчдын сэтгэгдэл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
АНХААР: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mongolnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.